Монголын төмрийн хүдрийн салбарын түүх жаргаж байна

Салбарын сайд манай улс ган хайлуулах үйлдвэр байгуулах эцсийн зогсоол дээр ирсэн хэмээн мэдэгдэж байв. Энэ нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт барих гангийн үйлдвэрийг ТЭЗҮ-ийн дагуу, төлөвлөсөн хугацаандаа эхлүүлэх шаардлагатайг анхааруулсан сануулга байлаа. ТЭЗҮ-д тусгаснаар үйлдвэрийг 2015-2017 оны хооронд барьж, 2018 оны сүүлээр бүтээгдэхүүнээ гаргах учиртай. Гэхдээ үүний өмнө гэрээ хэлцлээ дуусгаж, нэн түрүүнд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг төрөөс шийдэх шаардлагатай байв. Тэр хугацаа нь 2014 он байлаа.
Харамсалтай нь энэ онд улс төр, эдийн засагт юу өрнөснийг бид мэднэ. Гангийн үйлдвэрийг хөтөлж авч явах ёстой салбарын сайд жил хүрэхгүйн хугацаанд гурав солигдов. Хавар Х.Баттулга байсан бол зун Ш.Түвдэндорж хэмээх эрхэм сонгогдож “учраа ч олж” амжаагүй байтал Р.Бурмаа халааг нь авлаа. Харин эдийн засгийн хувьд хар дарсан өдрүүд үргэлжлэв. Хөрөнгө оруулалт буурч, нүүрсний үнэ газартай тэгширсэн зэргээр өнгөтэй өөдтэй зүйлийг эндээс олж харахад төвөгтэй байна. Энэ бүхнээс гангийн үйлдвэрийн хувь заяаг шийдэх нүүдэл энэ жил огт хийгдээгүйг харж, болно. Саяхан УИХ-ын гишүүн Х.Баттулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ямар ч улс төмөртэй, төмрийн хүдэртэй бол хөгжиж болдог. Европ, дэлхийг хөгжүүлсэн түүхий эд манайд байгаад байна. Гэтэл энэ бүгдийг түүхийгээр гаргаж байгаа нь худалдаа хийж буй бидэнд бус бидний баялгийг худалдан авдаг талд л ашигтай” хэмээн цөхрөнгүйгээр ярьжээ. Уг нь хүнд үйлдвэрийн талаар хамгийн их ярьж, судалж, шийдвэр гаргах түвшинд хамгийн том оролцоотой байх боломжтой эрхэм бол Х.Баттулга юм.
Төмрийн хүдрийн хувь заяа
Дээр өгүүлсэнчлэн манай улс гангийн үйлдвэр байгуулах эцсийн найдвараа үндсэндээ алдах үйл явц руу аль хэдийн хөл халтираад байна. Уг дүгнэлтийг төмрийн хүдрийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлвийн тухай зарим тоо баримтыг харьцуулан харж хийж буй юм. Мөн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Д.Эрдэнэбулган Монголын төмрийн хүдрийн салбар өндөр зардалтай, хэмжээ нь жижиг, чанар муутай тул өрсөлдөх чадварыг нь бууруулж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахгүй хэмээн дүгнэснийг энд иш үндэс болгож байна.
Юуны өмнө төмрийн хүдрийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлвийн тухай баримтуудыг нэгтгэн дүгнэхийн тулд дараах мэдээллүүдийг дурдах нь зүйтэй болов уу. Манай улсад төмрийн хүдрийн салбарт есөн төсөл хэрэгжиж байна. Эдгээр нь ихэвчлэн Дархан, Сэлэнгийн бүсэд төвлөрч буй юм. Хамгийн том гурван орд нь Ерөө гол 304 сая тонн, Сэлэнгэ 250 сая тонн, Төмөртэй 230 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Бусад орд 25-150 хүртэл сая тонны төмрийн хүдрийн нөөцтэй байна. Харин улсын нийт төмрийн хүдрийн нөөц 1 тэрбум 250 сая тонн, үүнээс батлагдсан нөөц нь 674 сая тонн юм. Хэрэв манай улс жилд дунджаар 10 орчим сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлэнэ гэвэл дээрх нөөц 60 орчим жил хүрэлцэнэ. Нөөцийн хувьд ийм байна.
Ашиглалтын хувьд манай улс энэ жилийн эхний 11 сарын байдлаар 5.5 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.5 сая тонноор бага дүн юм. Орлогын хувьд 400.7 сая ам.доллар болж 32 хувь буюу 190 сая ам.доллараар огцом буурсан байна. Мэдээж хямралын энэ үед төмрийн хүдрийг түүхийгээр нь экспортолж байгаа тул үнэ буурах нь ойлгомжтой.
Гэхдээ цаашид төмрийн хүдрийн үйлдвэрлэл эрчимтэй өснө. Учир нь төмрийн хүдрийн есөн төслийг төрийн бодлогоор үе шаттай хэрэгжүүлэх зохицуулалт, механизм манайд байхгүй. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогоос үл хамаарч хөрөнгө оруулагчид дээрх төслүүдийг өөрийн төлөвлөлтийн дагуу ашиглах болно. Үүнтэй холбоотойгоор дараах зураглал гарч ирж байна. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар төслүүд эрчимжиж төмрийн хүдрийн үйлдвэрлэл тасралтгүй өсөх оргил үе нь 2021 он байна. Энэ үед 28 сая тонн төмрийн хүдэр, 8-9 сая тонн баяжмал үйлдвэрлэнэ. Үүнээс цааш төмрийн хүдрийн үйлдвэрлэл эрчимтэй буурна. Шалтгаан нь нөөц дундарч байгаатай холбоотой. Тухайлбал, манай улсын төмрийн хүдрийн хамгийн том орд болох Ерөө гол 2023 он гэхэд уурхайгаа хаах түвшинд хүрнэ. Нэг үгээр хэлбэл, төмрийн хүдрийн салбарт шүдэнз зурахтай адил дүрэлзээд дуусах ирээдүй харагдаж байна.
Яагаад уг салбарын нас өнөөгийн нөхцөл байдлаас харахад 10-20 жилээр хэмжигдэж байна вэ. Мөн уг салбарт гүн боловсруулалт хөгжихгүйгээр ихэнх нь түүхийгээр, багахан хэсэг нь баяжмал хэлбэрээр гадагш урсаад дуусах вэ. Шалтгаан нь хэд хэдэн зүйлтэй холбогдоно. Юуны өмнө уурхайн нөөцүүдийг дээр дурдсаныг лавлаж хараарай. 25, 50 эсвэл 100 сая тонны нөөцтэй ордууд бие дааж ган хайлуулах үйлдвэр барих нь ашиггүй. Ган хайлуулах үйлдвэр асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Тэр хэмжээгээр урд удаан жил ажиллаж байж ашгаа өгдөг онцлогтой. Гэтэл уурхай үйлдвэр барих тохиолдолд багахан нөөц нь дангаараа олон жилийн түүхийн эдийн эрэлтийг хангаж чадахгүй юм. Энэ тохиолдолд хөрөнгө оруулалт хийх компани ч олдохгүй. Тэгэхээр олон төслийн хувьд сайндаа л баяжуулаад урагш тээвэрлэж борлуулах нь хамгийн ашигтай хувилбар болж байна. Дараагийн нэг шалтгаан нь хөрөнгө оруулагч нарт ган хайлуулах үйлдвэр байгуулах хүсэл сонирхол байна уу гэх асуулт юм. Төмрийн хүдрийн нийт есөн төсөл байгаа. Тэгвэл эдгээрийн 45 хувь Хятадын хөрөнгө оруулалттай компанийн эзэмшилд бий. Нарийвчилбал, төмрийн хүдрийн хоёр дахь том нөөцтэй Сэлэнгийн орд 100 хувь Хятадын эзэмшилд байна. Төмөртэйн 50 хувь, Ерөө голын багагүй хувь нь урд хөршийн хөрөнгө оруулагчдын халаасанд бий. Үүний гадна Эрээн, Оюут овоо зэрэг нөөцөөрөө дээрх гурван том ордын араас жагсах ордууд бүгд 100 хувь хятад компанийн мэдэлд байна. Харин дотоодын хөрөнгө оруулагчдын 100 хувь эзэмшиж буй Баргилт, Эрвэй зэрэг ордууд нь ихдээ 40 орчим сая тонны нөөцтэй. Энэ бүхнээс төмрийн хүдрийн томоохон ордууд бүхэлдээ Хятадын компаниудын хараа хяналтад байна гэсэн үг. Харамсалтай нь тэдэнд эрдэс бүтээгдэхүүнийг гүн боловсруулахаас илүү баяжуулж экспортлох нь хамгийн ашигтай хувилбар байж болох юм. Харин үндэсний компаниудын мэдэлд байгаа багахан нөөцтэй ордуудыг түшиглэж ган хайлуулах үйлдвэр байгуулах нь ихээхэн төвөгтэй. Ийм эрсдэлтэй зүйлд мөнгөө хийх хөрөнгө оруулагч олдохгүй.
Энэ бүхэнтэй холбоотойгоор төмрийн хүдрийн төслүүд зэрэг шахам эрчимтэй хэрэгжсэнээр богино хугацаанд нөөцөө дундлах тооцоолол гарч ирж байна. Эерэг өнцгөөс нь харвал экспортын орлого нэмэгдэж, салбарын хөгжлийг дагаад ажлын байрны эрэлт өсөх болно.  
Хэрэв төлөвлөсөн ёсоор 2018 он гэхэд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт ган хайлуулах үйлдвэр байгуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлбэл 2029 он гэхэд түүхий эдийн хомсдолд орох болно. Үндсэндээ 2030 он гарснаар Монголын төмрийн хүдрийн салбарт цэг тавигдана. Энэ бол өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд гарч ирж буй гашуун үнэн юм.
Монголчуудын хувь заяа
Гэвч төмрийн хүдрийн салбарт цэг тавьж болохгүй. Энэ бол эдийн засгийн салбарт цөмийн бөмбөг тэсрэхтэй ижил зүйл юм. Тэгвэл яагаад энэ хар төмрөөс үхэн хатан зууралдах ёстой гэж, хаа сайгүй л зэврээд хэвтэж байдаг зүйл шүү дээ хэмээн үл тоомсорлож болох. Тайлбарлах гэж хичээе. Хүн амьд явахын тулд зайлшгүй хоол идэх ёстой. Хоолгүй бол үндэс мөчир, өөр идэх юу байж болох уу бүгдийг нь мэрж голоо зогоосоор эцэст нь турж үхнэ. Тиймээс хүн хэн нэгнээс гуйх бус өөрөө хоолоо олох чадвартай байх нь амьд явах хамгийн энгийн дүрэм юм. Яг үүнтэй адил хүнийг төр, хоолыг төмрөөр сольж ойлгох хэрэгтэй. Төр улс орноо тогтвортой хөгжүүлж, хүчирхэгжүүлэхийн тулд эдийн засгийн өсөлтийг хангахад хамгийн чухал “хүнс” болсон төмрийг бусдаас авдаг бус дотооддоо үйлдвэрлэдэг байх учиртай. Ингэж байж барилга, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбар хөгжинө. Үйлдвэрлэлийн өртөг хамгийн бодитой байх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр эдийн засаг зөв замаараа хөгжих болно. Хэрэв төмрийн хүдрээ зөөж барчихаад улс орны хөгжил, тусгаар тогтнолын тухай ярина гэвэл хэцүү. Энэ нь урд, эсвэл хойд хөршид өрх гэрийнхээ гал тогоо, аяга халбагаа салгаад өгсөнтэй ижил зүйл юм. Тэд нэг өдөр хоол өгөхгүй өлсгөнө, эсвэл халбага шөлний төлөө илүү их зүйл шаардана. Маш товчхоноор, бид төмрийн хүдэргүй бол хөгжих боломжоо алдана гэсэн үг.
Бодлого хаана явна вэ
Дээрх бүхнээс төрөөс төмрийн хүдрийн салбарт онцгойлсон бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Экспортын голлох гурван бүтээгдэхүүний нэг учир төмрийн хүдрийг стратегийн ач холбогдол бүхий салбар хэмээн чухалчилсан. Уг нь урагш зөөх эрэлтээр нь бус улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдалтай нь уялдуулж стратегийн ач холбогдлоо тодорхойлох учиртай. Эдийн засгийн хүндрэл хэмээн өнөө маргаашаа аргацааж байх хооронд төмрийн хүдрийн салбарт хамгийн том гарз амсах эрсдэлтэй нүүр тулаад байна. Нүүрсний хэдэн тэрбумаар хэмжигдэх нөөц байгаа тул ганц хоёр жилдээ хямдхан боловч зараад төсвөө торгоож болох юм. Харин төмрийн хүдэр бол ондоо. Төсөвт өнөө маргаашаа аргацаасан багахан орлого төвлөрүүлэхийн төлөө хүдрээ золиосонд гаргах нь төрт улсын бодлого яав ч биш. Хэдийгээр ихэнх орд газрууд Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын мэдэлд байгаа ч Монгол Улсын баялаг тул төрийн зохицуулалтаар дотооддоо гүн боловсруулж ган үйлдвэрлэх хөшүүргийг бий болгож болно. Ер нь лиценз гэдэг нь тухайн компани баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг унагах боломжоо л атгасан гэсэн үг. Харин төр баялгаа боловсруулж үйлдвэрлэлд зориулах, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад ашиглах зэрэг бүх л эрх мэдлээ бодлогоор дамжуулж хэрэгжүүлэх бололцоотой. Ядаж Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт ган хайлуулах үйлдвэр барина хэмээн шилний цаанаас чихэр долоолгохын оронд хувийн хэвшлээ дэмжээд өгмөөрсөн. Саяхан “Бэрэн групп” 200 мянган тонн ган үйлдвэрлэх үйлдвэрээ ашиглалтад оруулсан нь хувь компани бус ард түмэнд хамааралтай чухал ололт байв. Одоо нөөцийг нь хамгаалаад, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд нь төсвөө сэгсрээд ч болов дэмжээд өгмөөр санагдана. Хэрэв нөөцөө урагш зөөвөл 10 гаруй жил л шаардагдана. Харин дотооддоо гүн боловсруулж ган үйлдвэрлэвэл өнөөгийн 300 гаруй мянган тонны хэрэглээгээр тооцвол бараг 2000 жил хүрэлцэх юм.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment