Нас барсан хүнд дусал залгажээ /Бичлэг/


Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр бүсэлхийнээс нь доош гэнэт мэдээгүй болсон С.Даваасүрэн  гэх 61 настай нэгэн малчин Төв аймгийн Эрдэнэсант сумаас хотод орж иржээ. Тэрээр телевизээр “ам хуурайгүй” сурталчилдаг, “Равсал панз” рекламанд нь тоглодог сайн эмнэлэг хэмээн “Сэтгэшгүй” эмнэлгийг зорьсон байна. Гэвч аврал эрэн очсон буурай тус эмнэлгийн орон дээр хөөрхийлөлтэйгээр амьсгал хураасан аж. Тус эмнэлгийн захирал ховсчин С.Хүрэлбаатар гэх хүн байдгийг уншигч та бүхэн андахгүй биз. Тэрээр өөрөө ч байнга телевизийн нэвтрүүлэгт орж, манайд ирсэн хүн бүр эдгээд гардаг хэмээн ярьдаг хэмээн эмнэлгийнхээ үйл ажиллагааг сурталчилдаг нэгэн.
Ээжийгээ эдгэнэ хэмээн аврал эрэн С.Хүрэлбаатар эмчийг зорьж очсон хүүхдүүдэд нь “Ядах юм байхгүй, хоёр хоногийн дараа гэхэд л танай ээж босоод явна” гэх мэтчилэн маш сайхан зүйл ярьж угтсан гэдэг. Тус эмнэлэгт хэвтсэнээс хойш бараг арваад хоносны дараа нэг өдөр хөгшний бие муудаж, дотор нь бачимдаад байна хэмээн хүүхэддээ хэлсэн байна. Гэтэл эмчлэгч эмч нь ирж үзлэг хийчихээд “Зүгээр байна” гэж хэлсэн гэх бөгөөд өвчиндөө шаналан нүдээ анин хэвтэх түүнийг “Юундаа маяглаад байгаа юм. Нүдээ нээ” гэх мэтчилэн загнаж байсан тухай ар гэрийнхэн нь гомдолтойхон бидэнд ярьж сууна. Түүнийг аврах боломж байсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй байсаар амьсгал хураалгасан гэдгийг тэд хэлж байна. Бид талийгаачийн нөхрийн төрсөн дүү Б.Нэргүйтэй уулзаж ярилцлаа.
-НАС БАРСАН ХҮНД ДУСАЛ ЗАЛГАЖЭЭ-
-Талийгаачийн бие нь муудсан талаар та бүхэн хэдийд мэдсэн бэ?
-2015 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр байсан. Тэр орой 19:00 цаг болж байхад “Бие нь огцом муудлаа. Ер нь л өнгөрчих шиг боллоо” гэсэн дуудлага бидэнд өгсөн. Бид хэдийг очиход С.Хүрэлбаатар эмч болон эмчилж байсан эмч Уранчимэг нар нь байсан. Гэтэл танай хүн 18:45 цагт өнгөрлөө гээд С.Хүрэлбаатар эмч өөрөө хэлсэн. Тэгснээ “Та нарт таньж мэддэг эмч байна уу, хүчилтөрөгч, амьсгалын аппарат олдох арга байна уу?” гэсэн. Би “Та юу яриад байгаа юм бэ. Танайд амьсгалын аппарат, яаралтай тусламжийн эм тариа, багаж хэрэгсэл байх ёстой биз дээ” гэхэд “Манайд байдаггүй юм” гэсэн. Өнгөрчихсөн хүнд ямар эмчилгээ хийх гээд байгаа юм бэ гэхэд Хүрэлбаатар эмчНадад бодож байгаа юм байна. Та нар хөл гаранд нь массаж хий” гэсэн. Манай эгч бид хоёр хөл гаранд нь массаж хийсэн. Тухайн үед хөл нь хурууны хэмжээтэй хөхөрчихсөн байсныг санаж байна. Ингээд бид аргаа бараад өөр арга бодооч, тусламж дуудаач гэхэд “Чимээгүй бай, би өөрөө мэдэж байна” гээд дусал залгаж байгаа юм. 18:45 цагт өнгөрчихлөө гэсэн хүнд хоёр цаг гарангийн дараа дусал хийхээр нь бид гайхаад яаж байгаа юм бэ гэхэд судас нь цохилоод байна гэж хэлсэн.
-Өөр ямар нэг арга хэмжээ аваагүй юу?
-Тэр дуслыг С.Хүрэлбаатар эмч өөрийгөө хамгаалах гэж л хийсэн гэж бид бодоод байгаа юм. Яг амьсгал хураахаас нь өмнө эуфилин, аналгин, демодрол, кавинтон гэдэг тариаг бас дуслаар хийсэн гэж байгаа. Тэр бүх тарианыхаа хорыг гадагшлуулах гэсэн ч юм билүү. Нас барчихсан байхад судас нь цохилоод байна гээд биднийг хуураад байсан байгаа юм. Үнэхээр өвчтөнөө сэхээе, амьдруулъя гэсэн сэтгэл байсан бол тэр хоёр, гурван цаг өнгөрч байхад өөрийнх нь багш гэх эмч нар, таньдаг хүмүүс байж л таараа. Тэднийгээ ерөөсөө дуудаагүй. Юугаа хийгээд байгаа юм дуугүй л судсыг нь бариад, гараараа илж, дараад л байсан.
-Тэгээд хөгшний өнгөрснийг та бүхэн хэзээ нь мэдсэн юм бэ?
-Биднийг дуудлага аваад эмнэлэг очих хооронд С.Хүрэлбаатар эмч өөрөө 103 луу залгасан байгаа юм. Гэтэл 103-ынхан манайх хувийн эмнэлэг дээр очдоггүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд амьсгал хураачихаар нь цагдаа дуудсан байсан. Харин цагдаагийнхан 103-ын эмч нарыг дуудчихсан байсан, бараг хоёр гурван цагийн дараа ирж үзсэн. Гэтэл аль хэдийнэ өнгөрчихөж гэсэн. Мөн шүүх эмнэлгийн эмч ирж үзээд бас л өнгөрчихсөн байна гэсэн. Талийгаачийн хүү өөрөө Гэмтлийн эмнэлэгт ажилладаг байсан. Тэр эмнэлгийнхээ эмчийг амьсгалын аппаратаа аваад ирээч гэж дуудсан байсан нь ч ирсэн. Гэтэл бас л үзээд энэ хүн чинь өнгөрөөд нэлээд удчихсан байна гэж хэлж байгаа юм.
-Эмнэлгийн зүгээс амьсгалын аппарат авчраагүй юу?
-Бүр өнгөрчихсөн хойно нь С.Хүрэлбаатар эмчийн хүү Х.Эрдэнэ гэх залуу гаднаас амьсгалын аппарат бариад орж ирсэн. Өөрийнх нь эмнэлэг дээр хүн нас барчихаад байхад С.Хүрэлбаатар нэг хүнтэй утсаар ярьж гүйгээд, яаралтай хурдан ир гээд байсан нь өмгөөлөгчөө дуудсан юм билээ. Ингэж бодохоор тэр хүн өөрийгөө энэ хэргээс яаж цэвэрхэн авч салах вэ гэдэг арга замаа л хайсан байгаа биз.

С.ХҮРЭЛБААТАР ЭМЧ “МАНАЙХ СЭХЭЭН АМЬДРУУЛАХ ЭМНЭЛЭГ БИШ” ГЭСЭН-
-С.Хүрэлбаатар эмч та бүхнийг хэл амаар доромжилсон гэсэн үнэн үү?
-Үхсэний хойноос үхэх биш. Хамгийн гол нь ард нь үлдэж байгаа гэр орныхон нь, уулзаагүй гэртээ хүлээж байсан хань ижил, үр хүүхэд нь гомдож байгаа. Гэтэл С.Хүрэлбаатар эмч нэг удаа уучлаарай гээд эмгэнэл илэрхийлээгүй. Бидэнтэй нэг удаа ч холбогдоогүй. Харин оронд нь “Хохь чинь та нар. Тийм л байсан юм бол яах гэж манай эмнэлгийг зорьсон юм. Тийм л агаар, хүчилтөрөгч дутагдаад байсан юм бол ээжийгээ ууланд аваачаад хаячихгүй яасан юм. Манайх сэхээн амьдруулах эмнэлэг биш. Тиймээс манайд хүчилтөрөгчийн аппарат байх шаардлагагүй гэж хэлсэн. Үнэхээр санаанд багтамгүй. С.Хүрэлбаатар эмч ингэж хэлснийг миний ах сонсоод үнэхээр их гомдсон. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг дээ. Үнэхээр уучлал гуйсан бол бид заавал хэвлэл мэдээлэлд хандъя гэж бодоогүй. Бид энэ эмчийн ёс зүйгүй, тангаргаа зөрчсөн үйлдлийг олон нийтэд ил болгох нь зөв юм байна гэж бодсон.
-Тухайн эмнэлгийн орчин нөхцөл ямархуу байсан бэ?
-Тэр эмнэлэгт ямар ч агааржуулалт байхгүй. Нэг өрөөнд 7-8 хүн хэвтдэг. Цонх нь бүрэн онгойдоггүй. Талийгаач маань бачимдаж хэцүү л байсан байх. Дэг журам байхгүй. Ёс суртахуунгүй. Хүний мөнгийг аваад угтаад авч чадсан байж үдэж гаргаж өгч болно доо. Гэтэл тийм зүйл байхгүй. Зовж, аргаа барсан хүн л энэ эмнэлгийг зорьж байгаа. Тиймээс бидэнтэй адилхан зовлонтой хүмүүст бидэнд тохиолдсон шиг зовлон тохиолдох вий дээ гэсэндээ хэвлэлд хандаад байгаа юм. Тангараг өргөсөн эмч хүн ёс суртахуунтай байгаасай, ийм эмнэлэг Монголд үйл ажиллагаа явуулж байна шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.
-АЛТАН САВ НЬ ЯАЖ НЭЭГДСЭНИЙГ ДАХИН ДАХИН АСУУСАН-
-Та бүхэн энэ талаар холбогдох байгууллагуудад нь гомдол гаргасан уу?

-Эмнэлэг л бол эмнэлэг байх ёстой. Анхандаа бид амьсгалын аппаратгүй эмнэлэг байж болох уу гэдгийг асуухаар Эрүүл мэндийн яам руу залгасан ч утсаа аваагүй. Ажил явдал гэж самгардаж явж байгаад орхисон. Сүүлд нь бид иргэдийн санал гомдол хүлээн авдаг 1111 мэдээллийн утсаар холбогдож болсон процессыг хэлээд, шалгаж өгөөч гэж хэлэхэд “За бид бичиж авлаа. Эргээд хариу өгнө гэсэн. Тэгээд ямар ч хариу өгөөгүй.
-Талийгаач өөр ямар нэгэн хууч өвчинтэй байсан юм болов уу?
-Талийгаач маань өвчин хэлдэггүй. Хөдөө ёстой л цэвэр агаарт, мал дээр байсан хүн. Ганц өвддөг байсан зүйл нь нүд. Нас нь ахиж байгаа хүнд байх асуудал. Тэрнээс өөр даралт ихэслээ ч гэж хэлж байгаагүй. Гэнэт л бөгсөн бие нь мэдээгүй болчихсон. Түүнээс биш ийм өвчнөөр үхчихнэ шүү гэсэн хууч өвчин байгаагүй.  Талийгаач эмчлүүлж байх хугацаандаа 550 орчим мянган төгрөг төлсөн байсан. Би тэр зардлыг нь авах гэж очсон. Би үнэхээр муу юм санаж очоогүй. Гэтэл Хүрэлбаатар эмч “Алтан сав нь яаж нээгдсэн юм бэ” гэж асуусан. С.Хүрэлбаатар эмчийн ганц асуудаг зүйл нь л тэр. Тэрнээс өмнө TV8 телевизийн сэтгүүлчдийг очиход бас л тэгж асууж байсан. Эмч хүн байж одоо яав ийв гэхийн оронд ингэж асууж болох уу. Тэр хүнд өнөөдөр алтан сав нь яаж нээгдсэн нь тийм сонин юм уу.
-Та бүхний зүгээс тус эмнэлгийнхэнд таагүй хандсан асуудал бий юу?
-С.Хүрэлбаатар эмчийн өрөөнд сууж байтал н.Уранцэцэг гэж менежер хүүхэн орж ирснээ та нар биднийг дарамталдаг хэн юм гэх зэргээр орилж, миний зургийг дарж авсан. Бид хэзээ ч тэр эмнэлгийг дарамтлаагүй, муу үгээр хэлээгүй. Тэр эмнэлгийн хамт олон шиг тийм муухай зан гаргаагүй. Эрхлэгчийнхээ хажууд менежер нь тийм ёс суртахуунгүй зан гаргаж байгааг харахад тэр эмнэлэг ямар эмнэлэг вэ гэдэг нь тодорхой байгаа юм. Хүн нас барчихаад байхад инээгээд даапаалаад сууж байгаа шүү дээ. Эмч ээ, та тангараг өргөсөн эмч хүн шүү дээ гэхэдС.Хүрэлбаатар “Миний тангараг өргөх та нарт ямар хамаатай юм. Тангараг юу юм” гэж байгаа юм даа. Ингэж хэл ам хийж байж эмчилгээ хийлгэж байсны хөлс 550 мянган төгрөгөө авсан. Тэр эмнэлгээс өөр бидэнд ямар нэгэн тусалж дэмжсэн зүйл огт байхгүй.
Share on Google Plus

Тухай Gen!u$

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment