УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр чөлөөлсөн асуудлаар тал, талын төлөөлөл оролцсон нээлттэй сонсголыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Барилга хот байгуулалтын яам, Гадаад хэргийн яам зэрэг халаа сэлгээ хийгдсэн гэх хэл аманд өртсөн яамдаас төлөөлөл ирүүлээгүй зөвхөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хөдөлмөрийн яамыг яллах гэж байгаа мэтээр асуудалд хандсан нь зохисгүй байна гэх асуудлыг хөндсөн юм.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2014-2015 оны хооронд ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлтэй 179 иргэнтэй холбоотой гомдол иржээ. Үүнээс Хөдөлмөрийн яамтай холбоотой 64, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай холбоотой 66, Эрүүл мэнд спортын яамтай холбоотой 11, Хүнс хөдөө аж ахуйн яамтай холбоотой 14, Барилга хот байгуулалтын яамтай холбоотой 5, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай холбоотой 8 гомдол тус бүр ирсэн аж. Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээлэлд тулгуурлавал, 2012-2014 оны хооронд төрийн албанаас үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн иргэдэд 2.5 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох шаардлагатай юм байна. Үүнээс гадна Засгийн газраас хийсэн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд, мөн шинээр Засгийн газар бүрдсэнтэй холбогдож дахин 5 тэрбум төгрөгийг төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэдэд нөхөн олговор хэлбэрээр олгох шаардлага үүссэн аж. Сангийн сайдын тайлбараар бол энэ оны төсөвт нөхөн олговорт зориулж 5 тэрбум төгрөгийг УИХ-аас баталсан юм байна.
БОНХАЖЯ ямар үндэслэлээр хүмүүсээ чөлөөлсөн бэ?
Засгийн газар шинээр байгуулагдсанаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд аялал жуулчлалын салбар харьяалагдсан, мөн төрийн албанд 15 хувийн цомхотгол хийх шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдож 8 газар, 8 хэлтэс, 118 орон тоотой ажиллахаар болж, зарим бүтцийн өөрчлөлт хийжээ.
Тодруулбал, бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдож Байгаль орчин ногоон хөгжлийн яамны 110 албан хаагч дээр нэмж Үндэсний хороодын ажлын албадын 37, Соёл, спорт аялал жуулчлалын яамны 11 нийт 48 хүн яаманд шилжиж ирсэн аж. Гэвч батлагдсан орон тоо, 118 болж, ажлын дадлага туршлага, ажлын үр дүн зэргийг харгалзан үзэж, зарим албан тушаалтныг чөлөөлөхөөс аргагүй болсон аж. Тиймээс энэ салбарын төлөө зүтгэж чадах хүмүүсээ авч үлдэж, 46 хүнийг чөлөөлсөн. Чөлөөлөгдсөн иргэдийн тухайд нийт ажиллагсдын 1.61 хувь гэсэн мэдээллийг салбарын сайд нь өглөө.
Хөдөлмөрийн яам ямар үндэслэлээр үүрэг гүйцэтгэгч нарыг чөлөөлөв?
Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг албан тушаалдаа томилогдоод ирэхэд Хөдөлмөрийн яамны 12 газар, хэлтсийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн газрын 31 дарга, зарим Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн дарга, Политехникийн коллежийн 29 захирал түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан аж. Энэ нь өмнөх Засгийн газрын үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулалт зарлаж томилоогүй, үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байсантай холбоотой аж. Засгийн газар шинээр бүрдсэнтэй холбогдож яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт зарлаж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга сонгогдсон аж. Тиймээс томилгоог хуульд нийцүүлэхийн тулд дээр дурдсан үүрэг гүйцэтгэгч нарыг ажлаас нь чөлөөлж, ажлыг нь тухайн газартаа олон жил ажилласан хүмүүст хариуцуулсан, улстөрийн шалтгаанаар халаа сэлгээ хийгээгүй гэсэн тайлбарыг салбарын сайд нь өглөө. Мөн ажлаас чөлөөлөгдсөн үүрэг гүйцэтгэгч нараас 11 нь амаар болон албан бичгээр хуучин ажиллаж байсан газартаа ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн тул энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй юм байна. Мөн ажлаас чөлөөлөгдсөн үүрэг гүйцэтгэгч нар Төрийн албаны зөвлөлөөс зарлах сонгон шалгаруулалтад орх эрх нь нээлттэй юм байна.
Эрүүл мэндийн яам томилогдож болдоггүй хоёр Төрийн нарийнтай
Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, орон тооны цомхотголтой холбоотойгоор 10 хүн чөлөөлөгджээ. Мөн өндөр насны тэтгэвэрт гарсан, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжсэн 17 иргэн байгаа аж. Тэдний хувьд асуудалгүй, хэл ам татлаагүй. Гол проблем Төрийн нарийн бичгийн дарга аж.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2014-2015 оны хооронд ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлтэй 179 иргэнтэй холбоотой гомдол иржээ.
Өмнөх Засгийн газрын үед Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Хатанбаатар үндэслэлгүйгээр албан тушаалаас чөлөөлсөн гэсэн үндэслэлээр гурван шатны шүүхэд гомдол гаргахад шийдвэр түүний талд гарчээ. Гэтэл оронд нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон байсан А.Эрдэнэтуяа мөн чөлөөлөгдөж, тэрээр шүүхэд хандсанаар “Үндэслэлгүйгээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тул ажилд нь буцаан томил” гэх шийдвэр гарчээ. Ингэснээр тус яам хоёр Төрийн нарийн бичгийн даргатай, гэтэл шинээр бүрдсэн Засгийн газраас Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг зарлах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд гаргахад Эрүүл мэндийн яам маргаантай гэж үзсэнээр уг сонгон шалгаруулалт зарлагдаж чадахгүй өнөөг хүрсэн байна.
ХАЛАГДСАН ИРГЭД ИНГЭЖ ЯРИВ
н.Дэлгэрмаа: -Сав газрын захиргааг сайдын тушаалаар татан буулгасан хэрнээ дахин байгуулсан. Нийт 17 сав газрын даргыг чөлөөлсөн байдаг. Урьдчилж мэдэгдэлгүйгээр шууд чөлөөлсөн. Гэтэл сав газрыг дахин байгуулж удирдлагыг нь томилохдоо сонгон шалгаруулалт зарлаагүй. Ажлаас чөлөөлөгдсөн иргэдийн 8 нь шүүхэд хандсан, дөрөв нь ажилгүй, нэг хүн эргэж томилогдсон байдалтай байна. Тэтгэлэг олгосон гэдэг тушаалыг үйлдсэн ч гар дээрээ аваагүй байгаа.
Х.Эрдэнэчулуун: -Би Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад халагдсан. Гэнэт нэг өдөр дуудаад хүрээд ир гэсэн, очингуут шууд тушаал уншаад албан тушаалаас биш төрийн албанаас чөлөөлөв гэсэн. Тэгснээ машинд суулгаж авч явсан, хорих гэж байгаа юм уу, хаашаа юм. Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх ёстой, гэтэл улс төрийн агуулгаар хандаж, чөлөөлж байна. Би гаалийн байгууллагад 11 жил ажилласан, орон нутагт ч ажиллаж байсан.
О.Баасанхүү: Албадан гаргана шүү
Нээлттэй сонсголд УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг холбогдох газруудаас төлөөлөл оролцож, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Ингэхдээ асуултыг 5 минутад багтааж, харин хариултыг 2 минутад багтааж өгөх дэг байгааг Өргөдлийн байнгын хорооны дарга сануулсанд зарим хариулт цагтаа багтахгүй болж байлаа.
Түүнчлэн асуулт тавьж байгаа гишүүдийн зүгээс цагаар хязгаарлах нь үндсэн асуудлаа сайн ярилцаж чадахгүй, сайд нарыг байцаасан зүйл рүү татан оролцуулж болзошгүй байгааг сануулсанд О.Баасанхүү дарга “Дэгээрээ ийм, би зохиогоогүй, журмыг дагахгүй бол албадан гаргана шүү” гэх сануулгыг өгч, зарим гишүүний цухлыг барж байлаа.
Халаа сэлгээтэй холбогдуулж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Хэнтий аймгийн Тусгай хамгаалалтын газрын даргаар ямар учраас Батноров сумын Засаг дарга хийж байсан улстөрийн албан тушаалтан томилсон шалтгааныг тайлбарла” гэв.
Сайд Д.Оюунхорол: -“Ард иргэд Хан хэнтий тусгай хамгаалалтын газрыг орон нутагт нь байгуулах хүсэлтийг ирүүлсэн, өмнө нь улстөрийн шалтгаанаар Багануур дүүрэгт байгуулсан байсан юм билээ. Засаг дарга хийж байсан хүнийг хамгаалалтын газрын даргаар томилсон нь төрийн албанд ажиллаж байсан дадлага туршлага зэргийг нь бодолцож гаргасан шийдвэр” гэлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: -“2012 онд Төрийн алба 148000 хүнтэй байсан бол одоо 183601 болсон байна. Халагдсан, чөлөөлөгдсөний оронд мөн шинээр ажилд авсан орон тоо 80 мянгаар яригдаж байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хуйгаар нь халсан, тэр үед Өргөдлийн байнгын хороо яагаад ийм сонсгол зохион байгуулсангүй вэ. Зарим гишүүн халаа сэлгээ 2000 онд эхэлсэн юм ярьж байна, 1996 онд эхэлсэн юм. Энэ мэтчлэн асуудал яривал хаа, хаанаа анхаарах юм их байна. Гэхдээ энэ удаагийн сонсголыг нэг сайдыг байцаах байдлаар асуудалд хандмааргүй байна. Юун дээр алдав, цаашид яах ёстой вэ, төрийн албыг мэргэшсэн мэргэжлийн болгохын тулд яах ёстой вэ гэдэг гарц шийдэл хайсан хэлэлцүүлэг болбол сайн байна. Төрийн албаа улстөржүүлмээргүй байна” гэсэн юм.
Төрийн албаны зөвлөлийн дарга н.Цогоо: -“Гол шалтгаан Монгол Улсад мөрдөгдөж байгаа эрх зүйн орчинтой холбоотой. Төрийн алба улстөрийн албан тушаалтнаас хараат байх боломжгүй байна. Сайд 115 албан тушаалд 361 хүнийг ажилд томилох эрхтэй. Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг 1.8 жилийн хугацаанд жинхлээгүй нь өмнөх Засгийн газрын алдаа. Гэхдээ үүрэг гүйцэтгэгч нарыг ажлаас чөлөөлөхөөсөө өмнө тухайн албан тушаалд нь сонгон шалгаруулалт зарласан бол маргаан гарахгүй байсан юм”.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: -“Сайд нарын томилдог албан тушаал хязгаарлагдмал. Яамдын газар хэлтсийн дарга нарыг томилдог нь Төрийн нарийн бичгийн дарга. Өнөөдрийн нээлттэй сонсголоор асуудлыг хоёр талтай авч үзэх ёстой. Яамдыг сайд төлөөлдөг гээд төрийн албаны томилгоо ярих юм бол буруугаар сонсгол явна. Хоёрт, хууль муу байгаадаа гол нь биш юм. Хууль хэрэгжүүлэхгүй байгаад л гол нь байгаа юм. Төрийн албаа намын гишүүнчлэлгүй болгоод 7 жил болж байна. Тэгэхээр улстөрчид томилдог томилгоог нэг, төрийн албаар явдаг зарчмаа нэг тусад нь болго. Холбогдох хуулиудыг шинээр өргөн барихаар зэхэж байна” гэх хариултыг тус тус өгсөн юм
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment