Монголын ЭЗ-ийн макро түвшинд “улаан” гэрэл асчихаад байна /Эдийн засаг"

МҮХАҮТ-ийн гишүүн байгууллагууд болон бизнесийн төлөөллүүд хамтарч, том төслүүдийг хөдөлгөх талаар УИХ-ын гишүүд, төрийн түшээдэд хандан “Ногоон гэрлээ асаая”  уриалга хүргүүлж, хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Энэ  үеэр МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважавтай уулзаж , цөөн асуултанд хариулт авлаа.
-УИХ-ын гишүүдэд хандан “Ногоон гэрлээ асаая” гэдэг уриалга гаргалаа.  Уриалга гаргах болсон учир шалтгаан юу вэ?   
-Манай танхим болон гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчид маань хамтраад УИХ-ын гишүүдэд хандаж том төслүүдээ хөдөлгөх “ногоон гэрэл”-ийг асааж өгөөч гэдэг санал хүсэлтийг  албан ёсоор  хүргүүлж байна.
Өчигдөр танхимаас жил бүр шалгаруулдаг Топ 100 аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд бидний зүгээс гаргасан нилээн  хэдэн том макро дүнгүүдийг хэлмээр байна. 2014 онд үндэсний Топ 100 аж ахуйн нэгжийн хийсэн нийт борлуулалт 17 их  наяд төгрөг,  олсон ашиг нь 416 тэрбум төгрөг, улсад төлсөн татварын хэмжээ  2.5 их наяд төгрөг байна. Энэ 100 аж ахуйн нэгж маань нийт 53,000 хүнийг ажлын байраар хангадаг, компаниудын нийт   хөрөнгө нь 9 их наяд төгрөгт хүрсэн байна.  Энэ бүхэн юуг илэрхийлж байна вэ гэхээр манай компаниуд өнгөрөгч онд үйл ажиллагаагаа хэвийн явуулж, орон зайгаа эзэлсээр байжээ.  Гэхдээ улсад төлсөн татварынх нь хэмжээ болон тухайн компанийн ашиг өнгөрөгч оныхоос тав дахин бага гарсан. Ингэж огцом буурч байгаа нь компаниуд аль аль түвшиндээ өөрийнхөө  нөөцийг шавхаж байна аа гэсэн үг юм.  Тиймээс одоо л бид орлогыг нэмэхгүй бол, зах зээлийг тэлэхгүй бол, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй, шинэ технологи оруулж ирэхгүй юм бол, уучлаарай, энэ тоо  цаашид хэд дахин ч буурах магадлалтай. Тийм учраас бид үүнээс сэргийлж, “ногоон гэрэл”  асаагаач ээ гэж УИХ-ын гишүүдэд  уриалж байгаа юм. Яг одоо манай эдийн засгийн, санхүүгийн ертөнцөд, мөнгөний болон зээлийн бодлогын, цаашлаад макро түвшинд , “шар” магадгүй “улаан” гэрлэн дээр  тулж ирчихээд байна.  Энийг “ногоон” болгох  эрх нь УИХ-ын  76 гишүүнд байна.
Мега төслүүдийг Монгол Улсын эрх ашгийн төлөө, Монгол Улсын хуулийн дагуу нэн яаралтай явуулах нөхцөл бололцоо байна. Энэ төслүүд явснаар цаашид эдийн засгийн том тэлэлт бий болно.  Төслөөс орж ирэх санхүүгийн  мөнгөний эргэлт манай эдийн засагт нэн хэрэгцээтэй байгаа.  Өнөөдөртөө бид маргалдаж, мэтгэлцэж, аливаа асуудалд “улаан гэрэл” асааж, хойшлуулж болно. Гэхдээ 2017, 2018  он гээд ердөө хоёрхон жилийн дараа  Монголын ард түмэн, бүх  татвар төлөгчид 5-10 тэрбум долларыг төлөх үүрэгтэй. Бид аваад  ашиглачихсан, идчихсэн нь үнэн. Тийм учраас хоёр жилийн дараа 5 тэрбум ам.долларыг төлөхийн тулд, энэ бондын өрүүдийг төлөхийн тулд макро түвшиндээ  ажлуудаа эхэлж, мега төслүүдээ явуулах хэрэгтэй. Тэгэж байж хуримтлал үүснэ.
-Консорциумд оролцож байгаа ММС буюу Энержи Ресурс компанийн өмчлөл, хувьцааны асуудал тойрсон маргаан гарч байгаа. Энэ тал дээр МҮХАҮТ-ийн байр суурийг сонирхвол?
-Өнөөдөр Тавантолгойн төслийн хувьд  менежмент хийх, өөрөөр хэлвэл энэ төслийг удирдан чиглүүлэх операторын асуудлыг л шийдэх гэж байгаа. Түүнээс биш бусад бүх эрх нь төрийн Эрдэнэс Тавантолгой компанидаа үлдэж байгаа.  Дахин хэлье, зөвхөн ажил хийлгэх гэж байгаа газрыг л сонгох гэж байгаа.  Хамтарсан  консорциумын  51 хувьд нь Монголын  үндэсний компани байгаа гэж би ойлгож байгаа.  Тэгэхээр бид асуудлыг зөв хараад, эдийн засаг, санхүүг нь онолын буюу практикийн хувьд харж байгаад  цаг алдалгүй асуудлаа шийдэж,  хурдан явах хэрэгтэй. 
Ийм ч учраас баялаг бүтээгчид буюу бизнесийн байгуулагууд маань хамтраад цаашид улсаа хөгжүүлэхэд хамтран зөв шийдвэр гаргаач ээ гэж уриалж байна. Бодит амьдралд юу тулгараад байгааг  манай бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээс асуугаач ээ гэж хэлмээр байна. Өнөөдөр  Монголын эдийн засгийн энэ хэцүү “зуд”-ын үед  аж ахуйн нэгжүүдээ үнэ цэнийг нь унагаахгүйгээр авч үлдэх л хамгийн чухал асуудал болоод байна. Бид компаниудынхаа бий болгож байгаа хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг нь явуулахгүй зогсоох юм бол энэ компаниудын үнэ цэнэ унаад, цаашлаад манай газрын хэвлий дэх баялгийн лиценз өөр хүмүүсийн гарт орох магадлал  тун өндөр байгаа. Тийм учраас  хамтдаа ухаан зараад, зөв шийдвэрт хүрье гэж уриалж байгаа юм.
-Тавантолгойн асуудал дээр Оюутолгойн сургамж давтагдах вий гэсэн нийгмийн эргэлзээ байгаа, энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Оюутолгойн гэрээ нь өөрөө  Тавантолгойн гэрээнээс огт өөр гэрээ шүү дээ.  Оюутолгой дээр нөгөө талын хувь хөрөнгө гаргасан компанитай Засгийн газар 34 хувийг нь  авах гэрээ хийсэн. Тавантолгойн хувьд бол өмчлөл, лицензийн бүх эрх нь Эрдэнэс Тавантолгойд үлдэнэ, хэн ч авч явахгүй.  Зөвхөн операторын үйл ажиллагаа л явагдана. Энэ гэрээний сайн мууг нь тэртэй тэргүй одоо УИХ-аар хэлэлцэх гэж байна. Зөрүүтэй мэдээлэл байгаа бол тэр үеэр гэрээнд оролцогч  талууд маш тодорхой тайлбар хийх байх гэж бодож байна.  
Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүн маань Монгол Улсын ирээдүйн хувь заяа, лавтай ойрын 20 жилийн асуудлыг шийдэх гэж байна. Тийм учраас  цэгцтэй, шуурхай, оновчтой, улсынхаа эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаач ээ гэж уриалж байна. Монголчууд хөрөнгөө босгож чадна, олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч чадна, Монголчууд өөрсдөө оператороор ажиллаж чадна.
-Зарим эх сурвалж энэ гэрээнд  Тавантолгойн ордоо гадаадын, тодруулбал Хятадын компанид  бүрмөсөн худалдах зүйл заалтууд байна гэж мэдээлж байсан? 
-Ер нь өмчтэй холбоотой ойлголтын зөрүү их олон жил яваад байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд “газрын хэвлийн баялаг бол төрийн өмч” гэж заасан байдаг. Өнөөдөр Тавантолгойн орд газар нь төрийн  өмч. Ялангуяа төрийн  нийтийн хамааралтай өмч. Гэтэл бид Төрийн нийтийн өмчийн хууль гэх зүйлийг  23 жил гаргаагүй явж  байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулин дотор аливаа өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрнө, өмчийг хуулиар хамгаална гэсэн атлаа төрийн нийтийн хамааралтай өмчийн хуулийг гаргаагүй гэсэн үг.  Ийм том эрхзүйн асуудлыг нь өнөөдрийг хүртэл шийдээгүй учраас энэ өмчийн, бизнесийн асуудал  улстөржилт дагуулаад байдаг юм.  Ойрын үед Монгол Улсын Ерөнхийлөгч  энэ хуулийн төслийг оруулж ирэх гэж байгаа. Төсөл батлагдахаар энэ асуудал их тодорхой болно.
-МҮХАҮТ-ийн зүгээс Тавантолгойн ордыг хэрхэн ашиглах тухайд ямар нэгэн бодлого бий юу?
-Манай танхимын үндсэн үүрэг бол бизнес эрхлэгчдийн бизнесийн таатай нөхцлийг бүрдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр төр засгийн байгууллагад дуу хоолойгоо оруулах,  өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчид ба төр засаг хоорондын харилцаанд “гүүр” болж өгөх явдал юм. Энэ чиглэлээр зохих ажлууд хийгдэж явдаг.  Ил тод байдлын хууль,  Эдийн засгийн өршөөлийн  хууль дээр ажиллаж байгаа.  Эдгээр хуулиуд бол санхүүгийн реформ хийх үндэс суурь болж өгдөг. 
Оюутолгой, Тавантолгой гэх мэт мега төслүүдийн хувьд бидний хийх нэн тэргүүний ажил бол  мэргэжлийн санхүүч, эдийн засагчид, макро эдийн засагчдын үзэл бодол, дуу хоолойг  шийдвэр гаргагчдад хүргэх явдал юм. Энэ тал дээр ажиллаж эхэлж байна. Яагаад гэвэл  салбар салбарын мэргэжилтнүүд буюу бид л үнэн бодит мэдээллийг түгээхгүй байгаагаас зарим нэг ашиг хонжоо хайгчид, улс төржигчдөд  олз болоод байж. Өнөөдрийг хүртэл бид дуугүй байсан.  Ийм учраас санхүүчид, эдийн засагчид, уул уурхайн мэргэжилтнүүд ил түвшинд гарч, салбарын, мэргэжлийн талаас нь дуу хоолойгоо хүргэж байж, нийгэмд зөв мэдээлэл хүргээсэй гэсэн асуудлыг давхар дэвшүүлж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment