
УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117, 37, 72, 57, 61 дүгээр сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа.
Сургуулиудын багш, ажилчидтай уулзсан уулзалтын үеэр сургуулиудаас гарсан санал хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явц байдлын талаар сургуулийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургууль нь 640 хүүхдийн багтаамжтай ч 1,240 орчим сурагчтай хоёр ээлжээр хичээллэж байгаа аж. Тус сургууль төв замын хажууд байрладаг учраас хүүхдүүд зам тээврийн осолд өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс хурд сааруулагчийг засварлах, гарцны цагаан шугам хийх шаардлагатай байгааг танилцууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн 37 дугаар сургууль 1983 онд байгуулагдсан, 93 багштай, 1,940 гаруй сурагчтай, хоёр ээлжээр хичээллэж буй. Тус сургууль ирэх хичээлийн жилээс нэгдүгээр ангид зургаан бүлэг хичээллэх төлөвтэй байгаа гэлээ. Мөн сургуулийн дээврийн засвар, сан техникийн засвар үйлчилгээний ажлуудыг хийсэн бөгөөд сургалтын орчинд шаардлагатай тохижилтын зарим ажлыг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага шийдвэрлэж өгсөн байна. Түүнчлэн сургуулийн орчны гэрэлтүүлэг муу байгааг шийдвэрлүүлэхээр дүүрэг, хорооны удирдлагуудад хандаад буй аж.
72 дугаар сургууль нь 1,800 гаруй сурагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг байна. Сургуулийн барилга 1979 онд баригдсан, дээвэр нь хуучирч муудсанаас жил бүр солих шаардлага тулгарч буй. Харин 57 дугаар сургууль 920 хүүхдийн хүчин чадалтай ч 1,400 гаруй сурагчтай бөгөөд сургууль байгуулагдсан цагаас хойшх 40 жилийн хугацаанд биеийн тамирын зааланд нэг ч удаа их засвар хийгээгүй аж.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Өргөдлийн байнгын хороо, БСШУЯ болон холбогдох төсөл хөтөлбөрүүдтэй хамтран шийдвэрлэх талаар анхаарч буйг онцлолоо.
Ирэх долоо хоногт Өргөдлийн байнгын хороо Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, сургалтын орчны талаар хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment