
Зургаан тэрбум гаруй тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах мөрөөдөл их эртнийх билээ. Тэгвэл тавантолгойн асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ шийдвэрлэхээр боллоо.
Энэ талаар Монголын төр бараг арван жил мөрөөдсөн гээд хэлчихэд бодит үнэнээс хол зөрөхгүй. УИХ-ын 2010 онд гаргасан 39 дүгээр тогтоолын дагуу 2011 онд С.Батболдын Засгийн газар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гээд бараагүй. Эцэстээ “Эрдэнэс Тавантолгой” нэртэй төрийн өмчит өртэй үйлдвэр байгуулж, иргэн бүртээ 1072 ширхэг хувьцаа нэртэй “Үнэгүй цаас” тараагаад дууссан. Тавантолгойгоос ойрын хугацаанд үзүүлэх ашиг нь 300 сая доллар, 30 жилийн хугацаанд үзүүлэх үр ашгийн нөлөөлөл нь 94 тэрбум доллараар яригдаж байгаа.
Үүн дээр 12 мянган хүн ажлын байртай болж, 500 компани ажилтай болно гэж үзвэл энэ төслийн 60-70 хувь нь Монголд мөнгө болж шингэнэ гэсэн үг юм. УИХ-аар Тавантолгойг хэлэлцсэн тохиолдолд унах эсэх нь 50:50 хувьтай байгааг ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлж байгаа. Урьдчилсан байдлаар МАН-ын 26 кнопын 16 нь Тавантолгойг дэмжиж буй бол АН дотроо “Алтангадас”, МҮДН, “Нэг ардчилал” фракцынхан болон МоАХ-ноос Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл, Л.Болд нар Тавантолгойг дэмжих магадлал өндөр байна. УИХ-д 35 кноптой АН-ын бүлэг дотор “Шонхор”-ынхон дээр нэмэгдээд, МоАХ-ны Х.Баттулга, М.Зоригт, Л.Эрдэнэчимэг нар Тавантолгойн төслийг дэмжихгүй байх магадлалтай хүмүүсийн тоонд багтаж буй юм. Тэдэн дээр “гацаадаг” С.Ганбаатар, Г.Уянга нарын “Эх оронч”-дыг нэмбэл Тавантолгойн хувь заяаг тааварлах аргагүй, хаашаа ч эргэж мэдэхээр харагдана.
Тавантолгойн төсөл хэрэв урагшилж чадвал амжилт нь ганцхан Ч.Сайханбилэгт бус З.Энхболдын танхимд оногдоно. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн төслийг унагаасан, урагшлуулсан гайг нь ч тэр, гавьяаг нь ч тэр Монголын парламент адилхан үүрнэ гэсэн үг. Ийм том эрсдлийг өөрсдөө үүрэлцье гэсэн хүмүүс одоо яая гэх вэ. Уг нь үүрэхийг Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан гуравт үүрүүлчхээд, өөрсдөө янцаглаад сууж байсан бол илүү амар байсан юм шүү дээ.
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment