
Лхагва гарагийн үдэш “Өргөө-1” кино театрын гадаах талбай дүүрэн нэг л юмыг тэсэн ядан хүлээсэн хүүхэд, залуус цугласан байлаа. Хаврын улиралд өдөр, шөнийн температурын зөрүү их байдаг учраас өдөртөө дулаахан байсан ч оройдоо багагүй сэрүүн болсон байв. Гэсэн ч цугласан хүмүүс 2-3 цагийн турш олон сонирхолтой тоглолт үзэж, хамгийн гол нь бүгд нэг л хүмүүсийг хүлээж байв. Тэдний хүлээж байсан хүмүүс бол 2014 онд “Боловсрол суваг” телевизээр гарч, бүх насны үзэгчдийг байлдан дагуулсан “Гурван найз” цувралын үргэлжлэл болох “Гурван найз: Яасан байх нь уу?” УСК-ны уран бүтээлчид юм.
Киноны нээлтийн ажиллагаа “Өргөө-1” кино театрт 20 цагт эхэлнэ гэж зарласан ч бүр 18 цагаас эхлэн хүмүүс бага багаар цугларсаар 20 цаг гэхэд аль хэдийн талбай дүүрсэн байлаа.
Нээлтийн ажиллагаа ковер дуучдын тоглолтоор эхэллээ. Хуучны болон сүүлийн үеийн дуунуудыг шилдэг коверчид дуулсан нь үзэгчдэд нэлээд таалагдав. Энэ хаврын хамгийн анхны гадаах тоглолт байсан гэж хэлж болох биз.


Ковер дуучдын тоглолтын дараа “Өргөө-1” театрын гадаах талбайд хүүхдүүдийн флаш моб бүжиг, бөмбөрийн үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ бэлдсэн байв.


“Гурван найз: Яасан байх нь уу?” киноны эхний дууг “Бид 4” хамтлаг дуулж, аль хэдийн сонсогчдод хүргээд байсан билээ. Иймээс нээлтийн ажиллагаанд “Камертон-2” шоунаас төрөн гарсан хамтлагийнхан хүрэлцэн ирж, найзууд, нөхөрлөлийн тухай өгүүлсэн “Үүрд хамт” дуугаа дуулсан юм. Харин киноны хоёр дахь дууг реппер Цэцэ, дуучин Цэлмүүн нар амилуулсан бөгөөд “Өргөө-1” кино театрт Лхагва гарагийн орой очсон хүмүүс тэдний цоо шинэ уран бүтээлийн анхны сонсогчдын нэг болсон юм.


Үйл ажиллагааны хамгийн гол хэсэг бол мэдээж уран бүтээлчид ирэх явдал байв. Киноны жүжигчид болон бусад уран бүтээлчид “Гурван найз: Яасан байх нь уу?” гэсэн бичигтэй автобус хөлөглөн “Өргөө”-гийн талбайд орж ирсэн юм. Жүжигчид, найруулагч, зураглаач, зураач, хөгжмийн зохиолч, продюсерууд гээд бараг бүх уран бүтээлчид эндээс бууж ирсэн ч гол дүрийн гурав маань байхгүй байлаа. Бүрэн хэмжээний энэхүү уран сайхны кинонд өмнө нь цувралд тоглож байсан жүжигчид болох Г.Нарансолонго, Ш.Алтанцэцэг, Л.Дэмидбаатар, Б.Баярмаа, Б.Ариунцэцэг нараас гадна “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү “Баян” Барсаагийн дүрд, “X-Түц” продакшны жүжигчин А.Туяа түүний найз бүсгүйн дүрд тогложээ. Талбай дүүрэн хүн хүлээн авч байгааг хараад жүжигчид сэтгэл нь их хөдөлсөн харагдаж байв.


Oлон ангит кинонд ч, энэ удаагийн нэг ангит хувилбарт ч Сарнайн дүрд тоглосон жүжигчин Г.Нарансолонго “Ингэж сайхан хүлээж авна гэж бодоогүй байсан. Маш их баярлалаа” гэж хэлэхдээ догдолсон сэтгэлээ дарж чадахгүй байлаа.


Киноны гол дүрийн жүжигчид болох О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар автобуснаас бууж ирээгүй учраас хэрхэн, бас хэзээ ирэх бол гэж гайхаж байв. Харин энэ үед чопперуудын нүргэлсэн дуу гарч, сүрдэм цуваа орж ирлээ. Төгөлдөр, Санчир, Цэкү гурав маань тэдэнтэй хамт үнэхээр сүрлэг орж ирсэн нь энэ байв.




Гол дүрийн жүжигчид мэндчилгээ дэвшүүлэхэд талбайд цугласан хүмүүс киноны дүрийн нэрийг нь чангаар дуудаж, алга ташилтыг ч харамгүй хайрлаж байлаа. Амжилттай уран бүтээл, сэтгэлд хүрсэн дүр хоёр нийлсэн нь тэднийг жинхэнэ нэрээр нь бус ингэж дуудахад нөлөөлсөн биз.


Гурван найзын дүрд тоглосон жүжигчид ийм олон хүн цугласан байгаад хараад догдолсон сэтгэлээ дэлгэж, баяраа хуваалцсаны дараа “A-Sound” хамтлагийнхан цувралын дуу болох “Stay” дуугаа дуулснаар тоглолт өндөрлөсөн юм.
Нээлтийн ёслол “Өргөө-1” кино театрын гадаа талбай дүүрэн хүнтэйгээр болж, танхим дүүрэн үзэгчдтэйгээр үргэлжилсэн байна. Шилдэг уран бүтээлд тохирсон сүрлэг нээлт гэдэг энэ байх.
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment